Thursday 31 January 2013

Дотны хүнээ алдсан хүнтэй хэрхэн харьцах вэ?

Two little girls in a park near Union Station, Washington, D.C.  (LOC)
Library of Congress, Prints and Photographs Division, Washington, D.C.

Манайхан нас барсан хүнийг ярьдаггүй, нэрийг нь дурсвал ясыг нь хөндөнө, өндөлзүүлнэ гэж цээрлэдэг билээ. Гэсэн хэдий ч өөрийн эрхгүй үгүйлэн санаж, хэнтэй ч юм уйтгар гунигаа хуваалцаж, буруу зүйл хийж байна гэж өөрийгөө буруушаан үзэлгүйгээр сэтгэл санаа, дотроо онгойлгон ярихад юу нь буруу байх билээ. Заримдаа хүмүүс багтрах шахан цухалдаж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болдог. Энэ үед багахан ч гэсэн тус дэм болох хүмүүс бол найз нөхөд, гэр бүлийн хүмүүс байдаг. Гэтэл тэд маань, бас бид өөрсдөө ч ийм үед яахаа сайн мэддэгүй нь элбэг. Тиймээс энд хэнд ч илүүдэхгүй болов уу гэсэн хэдэн зүйлсийг хуваалцья.

1. Хүлээцтэй хандаарай.

Ямарваа хагацал сэтгэл санаанд цочирдол өгдөг. Энэ байдал нь хэдхэн өдрийн дотор эдгэчихнэ гэж байхгүй, хэдэн сар ч болж магадгүй. Бас хэд хэдэн дотны хүн, эсвэл ажлаа нэг дор алдсан хүмүүс арай удаан хэвийн байдалдаа орох магадлалтай.

Хүн эхлээд яг хагацал үзэх үедээ сэтгэл хөдлөл нь гацсан мэт ямар ч мэдрэмжгүй байдалд ороод дараа нь гэнэтийн уйтгар, цочрол, уур, ганцаардлаар эзэмдүүлдэг нь туулахын аргагүй мэт тэдэнд санагдаж хэцүү байдалд ордог.

Яг тэр үед ихэнхдээ төрөл садан, ах дүүс, найз нөхөд гэх мэт хүмүүс нь дэргэд нь байж дэм болдог. Гэхдээ хамгийн чухал зүйлийг олон хүн мэдэхгүй байдаг. Тэр нь хэдэн сарын дараа ч юм уу, жинхэнэ хагацлын хэцүү үе нь байдаг гэдгийг ойлгох нь ховор. Энэ байдал нь бүр жил болон тэрнээс олон жил үргэлжлэх ч тохиолдол байдаг. Энэ л үед нь бид тэдэнтэйгээ хүлээцтэй хандаж, хайрлаж, хамт байгаа гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй байдаг.

2. Хэчнээн хэцүү байлаа ч харьцаагаа бүү зогсоо.

Ийм хэцүү үед нь тэднээс холдож зайгаа аваагүйд нь тэд маш их баярлах болно. Харамсалтай нь их олон хүн яaх ч учраа олохгүй тэр л хүмүүстэй харьцахаасаа айж, санаа зовж холбоогүй болдог. Хэдэн сар, эсвэл жил болж байгаа юм чинь одоо зүгээр болсон байх гэсэн бас буруу ойлголтууд ч байдаг. Ийм сэтгэлийн шарх хэзээ ч бүрэн эдгэрдэггүй. Ийм хэцүү үе нь тэднийг хамтдаа хоолонд орох, гэртээ урьж цай уулган хамт цаг өнгөрөөх, эсвэл зүгээр л гадуур салхинд алхах гээд л ердийн зүйлс хамт хийхийг санал болговол сайхан байдаг. Хагацал ганцаардлыг авчрах нь элбэг, тиймээс хэрвээ ханиа алдсан нэгэн байвал эхнэр, нөхөр нь амьд байх үед нь хийдэг байсан зүйлсээ түүнтэй адилхан үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.

3. Хэзээ ч бүү харьцуул.

Олон олон хүмүүс хагацал үзсэн нэгэндээ дараах зүйлсийг хэлдэг нь буруу юм.

За, дахиад л хүүхэд гаргачихгүй юу, залуу юм чинь.

Өөр хүнтэй найзлаад үзээч.

Одоо тэр чинь бурханы оронд бий.

Хамт байсан хугацаандаа л залбирч, баярлаж яв даа. 

Яг тэр мөчид бол өөр хүүхэд хэрэггүй, тэр нас барсан хүүхдээ л тэвэрмээр байгаа эхэд муухай санагдана. Тэр л явсан, салсан, нас барсан хүний араас гашуудаж буй болохоос биш тийм амархан зүйл, зайг нь сольж буй хэмхэрсэн тоглоом биш шүү дээ.

4. Талийгаачийн тухай хэзээ ярих вэ?

Ихэнх хагацал үзсэн хүмүүс талийгаачийн тухай сайхан дурсамж ярих, яриулах дуртай. Гэхдээ тэр нь мэдээж цаг хугацаа болон сэтгэлийн тэнхээ, хэр зэрэг ойр дотно хүн байсан гэдгээc хамаарна. Тиймээс та өөрийн зөн совингоо даган бие биендээ сэтгэлийн дэм, дэмжлэг, хайр үзүүлээрэй. Бид чинь хайраар л ундаалдаг амьтад билээ.

Хэрэв таньд энэ бичлэг таалагдсан бол доорх товчнууд дээр дарж хуваалцна уу? Баярлалаа.

Sunday 6 January 2013

Англиар ажлын анкет хэрхэн бөглөх вэ?

Pen en papier / Pen and paper
Photo: Creative Commons

Их Британид нэлээд удсан хүний хувьд мэдсэн сурсан зүйлээ хуваалцмаар санагдлаа.

1. Аль улсын ямар компани гэдгийг судла. Америк, Англи, Японых уу? Том, жижиг, шинэ, алдартай гэх мэт.

2. Ажлын зарыг ямар хэлбэрээр бичсэн байна түүний дагуу бөглө. Товч богино өгүүлбэрүүд байна уу? Том, нүсэр үгстэй, мэргэжлийн хэллэгүүдийг их хэрэглэсэн байна уу?

3. Яг л асуусан асуултанд нь хариул, гэхдээ тодорхой жишээ дурьдаж хариулах хэрэгтэй. Хэн ч Би ажилсаг хөдөлмөрч гэж бичиж чадна шүү дээ. Тэрний оронд Би тэр ажилд байхдаа үргэлж даасан ажлаа чадварлаг хийж тавьсан шаардлагын дагуу цагт нь хийж дуусгадаг байсан гэвэл арай илүү.

4. Энд тэндээс хэт бүү хуул. Зарим хүмүүс интэрнэтээс хэсэг бүлэг өгүүлбэрүүдийг хуулж бичсэн нь илт мэдэгдэхээр оруулсан байдаг. Энэ нь сэтгэл гаргаж бөглөөгүй сэтгэгдэл төрүүлж, итгэхэд бэрх хүн мэт ойлголт өгдөг.

5. Өөрийгөө хэзээ ч бүү муул. Дандаа сайнаар магтах хэрэгтэй. Эцсийн эцэст өөртөө итгэхгүй байгаа хүнд хэн итгэх вэ.

6. Магтахдаа үнэн зөв байдлаар магт, онгиргон дэвэргэн зангаар магтвал бас л хүний дургүй хүргэж ярилцлаганд уригдвал худлаа хэлсэн чинь мэдэгдэж эвгүй байдалд ороход хүрнэ.

7. Ажлын зар дээрх шаадлагатай мэдлэг, чадварыг өөртөө байгаа эсэхийг сайн бод. Заримдаа өөртөө байгаа зүйлийг олж харахгүй тохиолдол бий. Жишээлбэл эмнэлэгт эсвэл цэцэрлэгт ажилд орохыг хүслээ гэж бодьё. Гэтэл зарлал нь хүн асарч, халамжлах чадвартай, тэвчээртэй хүн байх ёстой гэжээ. Хэрвээ өөрөө хүүхэдтэй, эсвэл жижигхэн дүү нартай, бас өндөр настай эцэг эхтэй хүн бөгөөд тэдэндээ тусалж, харж асардаг бол энэ тухайгаа бичиж болох юм.

8. Анкет бөглөхдөө цэвэр нямбай гаргацтай бичих хэрэгтэй. Зарим хүмүүс бичиг хараад л уншиж гаргаж чадахгүй бол шууд л хогийн саванд хийх тохиолдол бий.

9. Анкетээ тэр компаний хэллэг, нэр томьёог хэзээ язааны мэддэг юм шиг бичвэл тэд өөрcдийн адил мэт нүдээр хардаг. Тэс ондоо нэр, хэллэг яриад байвал мэдээж тэдний яриа болон бодлогоос өөр санагдана шүү дээ.

10. Тэр компаний шинэ зүйлсийн тухай дурьдаж, ирээдүйнх нь бодлогыг сөхөж өөрийнхөө мэдлэг, чадвар, туршлагаа хэрхэн уялдаа холбоотой байгааг бичих хэрэгтэй.

11. Хуучин ажлийнхаа хаяг, утасны дугаарыг болон диплом, сэртификатнүүдаа бэлдэх хэрэгтэй.

12. Тодорхойлолт өгөх хүмүүсийнхээ нэр, утасныы дугаар болом имайл хаягийг гаргацтай зөв бичээрэй.

13. Хар өнгийн балаар бөглөвөл цэвэрхэн бас хувилахад амархан гардаг учраас хүлээн авч байгаа хүмүүс ч дуртай байдаг.


Таньд амжилт хүсье!

Жич: Хэрэв таньд ямар нэгэн асуулт байгаа бол холбоо барин асууж болно. Дуртайяа туслах болно.