Saturday, 6 July 2013

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Англи, Америкийн телевизийн олон ангит кинонуудын зохиолчид,  Шэд Продакшн компаний үүсгэн байгуулагч, захирлууд Айлин Галлахар, Анн МкМанусын хамт

Бусад хүмүүсийг сайн явж амжилтанд хүрэхэд би их дуртай. Амжилттай яваа хүмүүсээс цаанаа л нэг өөр сайхан энерги ялгардаг юм шиг санагддаг. Мэдээж тэдэнд ч бас зовлон бий. Гэхдээ тэд амьдралын шуурга намдахыг хүлээж биш, шуурга салхинд зохилдон, найган бүжиж сөрж гардаг бололтой.

Энэ хоёр зохиолч манай клуб дээр зочноор ирж яриа хийсэн юм. Ердийн нэгэн зохиолч байснаа одоо олон улсад нэвтрүүлэг хийдэг олон том компанитай болжээ.



Явсан нохой яс зууна. Айж сүрдэхээр мэрж бар.

Ардын маань зүйр үгс хоосон зүйл дээр үүсээгүй нь лавтай. Хараад байхад олон олон хүмүүс, залуучууд тэр л нэгэн нартай сайхан өдөр хэн нэгэн нь ирээд л аманд нь шар тос хийхийг хүлээн суудаг бололтой. Түүгээр ч барахгүй хэн нэгэн шагнал урамшуулал авахад, эсвэл спорт урлагт амжилттай байхыг харж энэ хүмүүс яасан азтай юм бэ гэж шагширан суух нь цөөнгүй.

Хэзээ нэгэн цагт та тэр хүмүүс шиг болох сон гэж бодогддог үе байв уу? Болчих юм шиг санагдсан үе ч бий байх.

Бага байхад ээж минь хэнээс ч дутахгүй юм юмтай л төрүүлсэн гэдэг үг амьдралд минь их хэрэг болдог юм. Ээж минь юм юм гэдгээр эд хөрөнгө ярьсангүй. Тэр үгнийх нь цаана Чи юуг ч хийе гэж бодвол хийж чадна, хэнээс ч дутахгүй гэсэн утгаар хүн өөрөө өөрийнхөө төлөө явах ёстой гэдгийг ойлгуулж байж.

Тэр л бодлын ачаар хэн намайг юу гэх бол, энэнд таалагдах болов уу гэж бусдын таалалд нийцэх гэж чимээгүйхэн суухгүй, зөв гэснээ хэлчих чадалтай нэгэн болгон өсгөсөнд баярлаж явдаг юм.

Гадаад орнуудад ажиллаж амьдарч явахад ч энэ зан чанар минь хэрэг болж байдгаа хэлэх юун. Монголоосоо гараад Англи, Шотланд орнуудад амьдарч эхэлтэл бас л адил. Мэдээж хүний эвийг олж амьдралгүй яахав. Гэхдээ хүн өөрийг чинь өөрт чинь тааруулж ханддаг юм байна гэдгийг мэдэрч үүнийг уншиж буй таньд эсвэл таны хүүхдэд ч юм уу хэрэг болоосой гэсэндээ энд бичиж байгаа юм шүү. 

Чадахгүй байсан ч чадна гэж өөртөө итгэ.

Хаанаас эхлэхээ мэдэхгүй бол өөрт чинь их таалагддаг хэн нэгнийг бодож ол доо. Тэр хүний юу нь таалагдаж байна? Бусдын өмнө өөртөө итгэлтэй сайхан ярьж байгаа байдал нь уу? Эсвэл биеэ гоё сайхан авч байгаа байдал нь уу? Эсвэл тэр хүн таныг ийм болохсон гэтэл тэр л зүйлийг хийгээд байна уу?

Тэр хүнээ дуурайж, төсөөлж үз. Тэр хүн таны оронд байсан бол энэ нөхцөлд яаж байгаа бол? Нуруу эгц, харц дээшээ, бусдыг энэ дэлхий дээр хамгийн чухал нэгэн мэт харьцаж байна уу?

Одоо тэр хүн чинь таны хүсээд байгаа тэр амжилтанд хүрсэн бол та яагаад чадахгүй гэж? Тэд нарт эхээс мэндэлж хүн болсон аз завшаан тохиосон нь яг л таньтай адилхан шүү дээ. Ёстой л ээжийн маань хэлдгээр Та юугаараа дутах вэ.

Өөртөө итгээд эхлэнгүүт бусад хүмүүс өөрт чинь итгээд л эхэлнэ. Толинд харж байгаа мэт.

За тэгээд ардынхаа сайхан үгсээр өндөрлөе.
Алтны дэрэгэдэх гууль шарлана. Сайныг дагавал сарны гэрэл. Эзэн хичээвэл заяа хичээнэ.