Saturday 15 March 2014

ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР

ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР

“Монгол хүн, монгол нутаг, монгол амьдрал, монгол заншил, монгол сэтгэлэг гэгч ертөнцийн нэг гайхамшиг байгаа юм аа.” Б.Лигдэн

12 сарын 10нд буюу Хүний Эрхийн Өдөр бичсэн номныхоо интернет хувилбарыг нийтэд хүргэлээ. Би ихэнхдээ энд Англиар бичээд байгаа байж магадгүй. Яагаад гэвэл бичсэн ном маань Монгол гэдэг гарчигтай, гадныханд зориулсан гэхэд болно. Номныхоо гарчигнаас эхлээд л хүмүүст хүрэх гэж зорьж байгаа минь энэ. Монгол гэж манайхан бахархаж, бардамнаж ирсэн ч хилийн дээс давж энд тэнд яваад ирэхэд эх орны минь нэр, элгэн садны маань угсаа гарал Монгол гээч үг нэг л бишээр хэрэглэгдэж байгааг анзаарч сэтгэл өвдөх юм. Хүний Эрхийн Өдөр хүн болж төрсөн эрхээ эдэлж эрх чөлөөтэйгөөр бодлоо илэрхийлж, Монгол  гэдэг нэрийг буруу хэрэглэж буй тал дээр тэмцэж, зөвөөр хэрэглэхийг сурталчилж яваагаа та бүхэнтэй хуваалцъя.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
‘Өө хэл, яриа өөрчлөгддөг ш дээ, өөрөө л өөрчлөгдчихнө’ гэж нэгэн сурвалжлагч залуу мөрөө хавчиж байсан нь одоогоос хоёр жилийн өмнө шиг санагдана. Хэл яриа хувирч, шинэчлэгдэж байдаг гэдгийг би сайн ойлгодог л доо. Гэхдээ би ч бас үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болохоор орчин үед юун төлөө энэ олон интернет талбарууд бий болоод байгааг ашиглаад хэлэх үгээ хэлмээр санагдсан юм. Хөгжлийн бэрхшээлийг улс үндэстний маань нэрээр нэрлээд бүүр болоогүй одоо залуус нь буруу утгаар хэрэглээд нэгнийгээ тэнэгээ гэхийн оронд монголоо гэж дуудаад, бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэр үгээрээ дайруулж доромжлон, даварсан хошин шогчид нь онигоогоо ‘монгол’ гээд дуусгаад байхад би л лав хараад инээгээд сууж чадахгүй. Энэ үгэнд би ёстой дургүй гээд номны минь нэр рүү зангаж байх хүнтэй ч таарлаа. Өсөхөөсөө бахархаж, гоёж явсан Монгол гэдэг үг маань Англи, Америк, Япон, Франц гэдэг үгнүүдтэй адилхан хэрэглэгдэж, Монгол гэхэд Монгол хүн бодогдох ёстой гэж хэлэх гэсэн юм.

Үнэнийг мэдэх эрхтэй
Энэ үг хэллэг хаанаас эхлэв? Их Британий эрдэмтэн Жон Лангдон Даун гэдэг хүн 1860 аад оны үед Даун синдромыг анх анзаарч ажиглан анагаах ухааны салбарт энэ талаар амжилт гаргасан гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэрээр Дауны хам шинжийг Монголойд гэх бүлэг хүмүүс буюу зүүн азийн үндэстэн угсаатнуудтай нүүрний хэлбэр адил, нүд нь жартгар гэж тайлбарласан нь дэлхий дахинаа эрүүл мэднийн салбарт онош болон тэнэг монгол гэдэг нэрээр тархжээ. Ингээд 1960 аад оны үед Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага нь Монголын төлөөлөгч энэ талаар санал тавьсны эцэст энэ нэр томьёог албан бичигнээс буулгаж Даун гэж тэр эрдэмтний нэрээр солин өөрчилжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх
Ихэнх нь өөрсдийнхөө төлөө тэмцэж чадахгүй хүмүүсийг монгол гэдэг үгээр дээрэлхэж хандсаар байгаа хандлага хэд хэдэн оронд байсаар байна. Үүнийг уншиж буй таньд ийм байдал ажиглагдаагүй байж магадгүй. Яагаад гэхээр энэ нь нийгмийн давхарга, аль муж, аль тив гэдгээс шалтгаалж янз бүр байдаг. Хүн бүр тэгэж хэлдэггүй, зарим хүмүүс хэлдэг бас хэрэглэдэг. Саяхан нэгэн сонинд миний тухай нэгэн нийтлэл гарсны дараа Шотландын Даун Синдромын холбоо руу нэгэн аав уйлан утасдсан байсан юм. Тэрээр том болсон Даунтай хүүтэй нэгэн бөгөөд энэ үг ямар хэцүү байдгийг биеэрээ амссан аж. Миний хийж байгаа сурталчилгааг дэмжиж байгаа гэдгээ хэлэх гэж утастсан түүнд би их баярлаж байгаа юм. Яагаад гэхээр олон хүмүүс зөвхөн тийм шүү гээд л өнгөрдөг. Тэр хүн эхний алхам, өөрөөсөө шалтгаалах зүйл хийж чадсанд нь би олзуурхсан юм.

Жич: Дауны хам шинж нь 21 дэх хромосом нэгээр илүүгээс үүсдэг. Хамгийн элбэг тохиолддог хромосомын өөрчлөлт. Хэдэн настай, аль улсаас гаралтай, арьс өнгө ялгаагүй хэнд ч тохиолдоно.

Ливаны Дауны Холбоо монгол гэдэг үгийг хориотой үгэндээ оруулж, Дауны хам шинжийг зөвхөн Даун гэдэг нэрээр л мэдэх ёстой гэж сурталчилж байгаа бөгөөд энд Аргинтиний Дауны Холбооноос хэд хэдэн хараалын буюу доромжлол үгсийг Даунтай хүмүүст битгий хэлээрэй гэсэн сурталчилгаа бичлэг хийснийг энд тавьлаа. Монгол гэдэг үг маань mogolico гэдгээр гарч байгааг анзаараарай.




Эмэгтэйчүүдийн эрх
Миний ажигласнаар заримдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрүүлэх нь ээжийнх нь буруу болдог тал бий. Хүүхэд бий болгоноо гэдэг чинь эх, эцэг хоёроос яг адилхан хамаардаг. Өвчтэй хүүхэд гаргалаа гээд өвдөг сөгдөн байж авсанаа мартчихсан гар хүрч, нүүр амыг нь хөх булдруу болгож, ичгүүр үүрүүлж бас хаяад явсан тохиолдлууд байгаа нь нууц биш юм. Тиймээс би тэр ээжүүдэд энэ бол таны буруу биш гэж хэлэх гэсэн юм.

Шилжин суугч буюу гадаадад амьдрагч
Намайг Шотландад энэ талаар ярьж эхлэх үед нэгэн эмэгтэй: ‘Чи өөр улсад ирчихээд тэр улсынх нь соёлыг дагах ёстой. Жаахан тэвччих.’ гэж билээ. Мэдээж би амьдарч байгаа газрынхаа ёсыг бодож дасан зохицохыг хичээдэг, хичээлгүй яах вэ. Гэхдээ … гэхдээ … гэхдээ … Миний зүрх сэтгэл эндэхийн хүн бүр тэр эмэгтэй шиг биш гэдгийг мэддэг болохоор, намайг ойлгох хүн зөндөө бий гэж мэдэрсэн болохоор бас ‘Бид нар тийм ч биш шүү. Хамтраад үүнийг өөрчилцгөөе. Бид чадна’ гэж хэлсэн болохоор л тэр.
Тийм ээ, БИД ЧАДНА. Би Монгол гэдэг үгнийхээ талаар ярьж, бичиж, сурталчилах болно. Та ч гэсэн өөрийнхөө хувь нэмрээ оруулнаа гэдэгт итгэж байна.

Saturday 6 July 2013

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Англи, Америкийн телевизийн олон ангит кинонуудын зохиолчид,  Шэд Продакшн компаний үүсгэн байгуулагч, захирлууд Айлин Галлахар, Анн МкМанусын хамт

Бусад хүмүүсийг сайн явж амжилтанд хүрэхэд би их дуртай. Амжилттай яваа хүмүүсээс цаанаа л нэг өөр сайхан энерги ялгардаг юм шиг санагддаг. Мэдээж тэдэнд ч бас зовлон бий. Гэхдээ тэд амьдралын шуурга намдахыг хүлээж биш, шуурга салхинд зохилдон, найган бүжиж сөрж гардаг бололтой.

Энэ хоёр зохиолч манай клуб дээр зочноор ирж яриа хийсэн юм. Ердийн нэгэн зохиолч байснаа одоо олон улсад нэвтрүүлэг хийдэг олон том компанитай болжээ.



Явсан нохой яс зууна. Айж сүрдэхээр мэрж бар.

Ардын маань зүйр үгс хоосон зүйл дээр үүсээгүй нь лавтай. Хараад байхад олон олон хүмүүс, залуучууд тэр л нэгэн нартай сайхан өдөр хэн нэгэн нь ирээд л аманд нь шар тос хийхийг хүлээн суудаг бололтой. Түүгээр ч барахгүй хэн нэгэн шагнал урамшуулал авахад, эсвэл спорт урлагт амжилттай байхыг харж энэ хүмүүс яасан азтай юм бэ гэж шагширан суух нь цөөнгүй.

Хэзээ нэгэн цагт та тэр хүмүүс шиг болох сон гэж бодогддог үе байв уу? Болчих юм шиг санагдсан үе ч бий байх.

Бага байхад ээж минь хэнээс ч дутахгүй юм юмтай л төрүүлсэн гэдэг үг амьдралд минь их хэрэг болдог юм. Ээж минь юм юм гэдгээр эд хөрөнгө ярьсангүй. Тэр үгнийх нь цаана Чи юуг ч хийе гэж бодвол хийж чадна, хэнээс ч дутахгүй гэсэн утгаар хүн өөрөө өөрийнхөө төлөө явах ёстой гэдгийг ойлгуулж байж.

Тэр л бодлын ачаар хэн намайг юу гэх бол, энэнд таалагдах болов уу гэж бусдын таалалд нийцэх гэж чимээгүйхэн суухгүй, зөв гэснээ хэлчих чадалтай нэгэн болгон өсгөсөнд баярлаж явдаг юм.

Гадаад орнуудад ажиллаж амьдарч явахад ч энэ зан чанар минь хэрэг болж байдгаа хэлэх юун. Монголоосоо гараад Англи, Шотланд орнуудад амьдарч эхэлтэл бас л адил. Мэдээж хүний эвийг олж амьдралгүй яахав. Гэхдээ хүн өөрийг чинь өөрт чинь тааруулж ханддаг юм байна гэдгийг мэдэрч үүнийг уншиж буй таньд эсвэл таны хүүхдэд ч юм уу хэрэг болоосой гэсэндээ энд бичиж байгаа юм шүү. 

Чадахгүй байсан ч чадна гэж өөртөө итгэ.

Хаанаас эхлэхээ мэдэхгүй бол өөрт чинь их таалагддаг хэн нэгнийг бодож ол доо. Тэр хүний юу нь таалагдаж байна? Бусдын өмнө өөртөө итгэлтэй сайхан ярьж байгаа байдал нь уу? Эсвэл биеэ гоё сайхан авч байгаа байдал нь уу? Эсвэл тэр хүн таныг ийм болохсон гэтэл тэр л зүйлийг хийгээд байна уу?

Тэр хүнээ дуурайж, төсөөлж үз. Тэр хүн таны оронд байсан бол энэ нөхцөлд яаж байгаа бол? Нуруу эгц, харц дээшээ, бусдыг энэ дэлхий дээр хамгийн чухал нэгэн мэт харьцаж байна уу?

Одоо тэр хүн чинь таны хүсээд байгаа тэр амжилтанд хүрсэн бол та яагаад чадахгүй гэж? Тэд нарт эхээс мэндэлж хүн болсон аз завшаан тохиосон нь яг л таньтай адилхан шүү дээ. Ёстой л ээжийн маань хэлдгээр Та юугаараа дутах вэ.

Өөртөө итгээд эхлэнгүүт бусад хүмүүс өөрт чинь итгээд л эхэлнэ. Толинд харж байгаа мэт.

За тэгээд ардынхаа сайхан үгсээр өндөрлөе.
Алтны дэрэгэдэх гууль шарлана. Сайныг дагавал сарны гэрэл. Эзэн хичээвэл заяа хичээнэ.

Wednesday 12 June 2013

Нялх хүүхэд асрах миний мэдээгүй нууцууд

Дөрвөн хөөрхөн хүүхэд төрүүлсэн азтай ээж хүн л дээ би. Одоо бодоход олон олон зүйлийг мэдэхгүйн улмаас өөрөө ч нойргүй зүдэрч, ханьдаа ч бас сайн хань болж чадахгүй байсан үе бий. Саяхан нэгэн эх утасдаж зөвлөгөө авахаар нь бодож байгаад өөрийн сурсан хэдхэн зүйлийг ч гэсэн хуваалцья гэж бодлоо.

1. Хөхүүл хүүхдийг хөхүүлсний дараа босоогоор нь тэвэрч байгаад эсвэл өвдөг дээрээ суулгаж байгаад ар нуруун дээр нь зөөлхөн товшиж гэдсэн дэх хийг нь хэхрүүлж гаргаарай. Тэгвэл бие нь амарч, эвгүй оргихгүй сайн унтана.

2. Хамар нь битүүрсэн үед толгой талыг нь арай өндөрсгөөд, ингэхдээ гудсан доор нь ивээс хийвэл бие нь ерөнхийдөө налуу байдалтай болж хамарнаас нь гарах зүйл гадагш гарч дотогшоо орохгүй арай дээр унтах вий.

3. Хүүхдэд дэглэм их хэрэгтэй байдаг. Манай хүүхдүүд орой тус тусдаа унтах цагтай. Унтах цаг нь насных нь хэмжээнээс шалтгааж хамгийн бага нь 7.30-д, том нь 9.00 цагт орондоо ордог. Ингэхээр бас ханьтайгаа хамт байх цаг болон өөрийн дуртай хийх зүйлээ хийх зав гардаг юм. Эхлээд хэцүү байж магадгүй. Нэг долоо хоног өрөөнд нь оруулаад ном уншиж өгөөд,  сайхан амраарай гээд үнсээд гарвал тэгээд сурчихна. Сайн унтсан хүүхэд өдөрт бас хөөрхөн ааштай уйлагнаад зүдрэхгүй юм байна лээ.

4. Хүүхдээ аль болохоор өөрөө ганцаар нь унтуулаад сургачихвал өөрт ч бас амар юм. Би том хоёрыгоо Монгол аргаараа өвөртөлж унтаж эрхлүүлсэн юм. Хүүхэд гаргах ямар хэцүү юм гэж бодож, шөнөжингөө мөөмөө өгч нуруу бөөрөө эцээдэг байж. Харин сүүлийн бага хүүхдээ бол эхнээс нь л өөрийнх нь жижигхэн оронд хажуудаа унтуулж байгаад 6, 7 сартай болохоор нь өөрийнх нь өрөөнд унтуулсан даа. Бид нар бас өөрсдөө хөдөлж, хурхирч, ханиаж дэргэд нь чимээтэй байдгаас тэд амархан сэрдэг байсан ч байж магадгүй. Өрөөндөө ороод л нам унтдаг болсон. Шөнө ч сэрэх нь ховордсон.

5. Хүүхэдтэйгээ аль болох ярьж тэд нар ойлгож байгаа мэт харьцвал удахгүй амархан ойлгож, хэлд орохдоо ч арай хурдан юм шиг санагдсан. Аль болох жирийн үг хэрэглэж ярьвал дээр юм байна лээ.

Саяхан нэгэн ээж: Таны хэлсэн үгийг дандаа санаж хүүхдээ улам хайрлах болсон гэж билээ.
Жилийн өмнө би ингэж хэлсэн юм байна:

Таны хүүхэд ямар ч оноштой бай, хэд ч наслах байсан хамаагүй, хүүхэдтэйгээ хамт байж элгэндээ тэвэрч үнсэх үртэйгээ хамт байна гэдэг аз жаргал.

Monday 13 May 2013

Монгол


 Манайхан Монгол гэдэг нэр дэлхийг цочоож явсан гэж аархаж, омогшиж, бахархдаг билээ. Харин гэтэл одоо Монгол гэдэг үг маань гадныхныг биш Монголчуудыгаа цочоох утгатай болчихжээ. Бодоод байхад манайхан ч гэсэн мэдэхгүйн улмаас өөрсдийгөө үхэр Монгол, тэнэг мангуу, мангар гэдэг үгнүүдийг өдөр тутам хэрэглэж хэвшжээ. Одоо дэлхий дээр Монгол гэдэг үгийг дараах утгуудаар хэрэглэдэг бөгөөд эдгээр утга нь манай Монгол гэдэг үгнээс гаралтай байдаг.

 1. Монгол гэдэг үгийг Чингисийн үеийн Монгол улс гэж ойлгодог. Эдгээр хүмүүс нь мэдлэг боловсролтой, энд тэнд явж юм үзсэн хүмүүс байдаг. Зарим нь Ромчууд шиг дээр үеийн үг гэж ойлгодог.

 2. Монгол гэдэг үг нь Даун синдром гэсэн үг гэж боддог хүмүүс бий. 1860-1970аад он хүртэл Даун синдромыг анх нээсэн Даун гэдэг Англи эрдэмтэн тэнэг монгол гэж нэрлэснээс болж дэлхий даяар одоо болтол энэ хэвшлээ хаяагүй хүмүүс байдаг. Даун энэ синдромыг оношлохдоо эдгээр хүмүүс нь Монгол үндэстэн ястантай нүүрний хэлбэр адил жартгар нүдтэй, өөрсдөөс нь оюуны чадавхи муутайн улмаас ийнхүү нэрлэсэн юм санж.

3. Энэ сүүлийн бүлэг хүмүүс нь Монгол гэдэг үгийг тэнэг мангуу гэдэг утгаар хэрэглэдэг хүмүүс юм. Харамсалтай нь монгол гэдэг үг маань монг, монго гэсэн өөр өөр хэлбэртэй болон улам өргөжсөн байна. Эдгээр хүмүүс нь ихэнх нь залуучууд, хүүхдүүд түүхэн утгыг нь мэдэхгүй моодонд орсон үг мэтээр хэрэглэдэг.

 Бид энэ талаар бусдыг боловсруулж Монгол гэдэг улс, үндэстэн байдаг гэдгийг сайн хэлж өгч аль болох сайн сайхнаар Монголынхоо нэрийг гаргаж явцгаая. Ардын маань 'Зөөлөн нь хатуугаа' гэж үг бий. Тиймээс зөвөөр, зөөлхөн аргаар, аажим аажмаар, дусал дуслаар өөрсдийгөө ч, гадныхныг ч боловсруулья!

Friday 22 February 2013

Тэхийн зогсоол


Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!
Хүрэн уулсын буйд мухар
”Хүүш” нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.
Хүрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр
Айл өвөлжив. Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил
Бүгд өндөр
Өндрийн дундаас
”Тэхийн зогсоол”
Бүүр ч өндөр!
Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур
Ан хийв
Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур
Ажил хийв.
Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн
Дулаахныг хэлэх үү
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн
Тухтайг хэлэх үү
Говийн ууланд жам ёсоороо
Хавар ирэв
Гол бараадаж гурван гэрээрээ
Нүүх болов.
Нэгэн өглөө аав минь намайгаа
Гаднаас дуудав
Нэг нүдний сунадаг дурангаа
Гарт бариулав.
-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?
-Сайн хар! гэв
Тэгж хэлснийхээ жаахан хойно
Санаа алдав.
”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэх
Оргил харагдав
Yүрээ манан өндөрт эргэх
Бүргэд харагдав.
Дэргэдэх оргил нь илээд авахаар
Ойрхон байв
Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор
Yүлгүй байв”
-”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэж
Аав минь хэлэв
Тэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэж
Ахин хэлэв.
Өвөлжин харагдаж нүдэнд дассан
Оргил үзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Янгир харагдав.
Хангайн сайхан амьтныг үзээд
Би баясав
-Харлаг тэх зогсож байна! гээд
Бараг хашгирав.
Аав минь дуугүй, тамхиа сорсоор
Гэртээ оров
Айлын хүмүүс янгирын сургаар
Манайд цуглав.
Цайгаа ч уухгүй аав минь тэгээд
Хэсэг суув
Цаанаа л гунигтай хоолой засаад
Ингэж ярив:
-Мөнгөн оройт уулсын хишгийг
Их хүртлээ
Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг
Анх үзлээ.
”Ямаан усанд” ноднин байсан
Тэх мөн байна
Яах аргагүй зогсоолдоо зогссон
Тэх мөн байна.
Төрсний эцэст үхнээ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргүй даваа!
Янгир өтлөхөөрөө эврээ даахаа
Больдог юм гэнэлээ
Янгирын сүргээ гүйцэж чадахаа
Байдаг юм гэнэлээ.
Эхээс төрсөн ууландаа эргэж
Ирдэг юм гэнэлээ
Эхээс унасан газраа олж
Хэвтдэг юм гэнэлээ.
Насныхаа эцэст оргил өөд мацаж
Гардаг юм гэнэлээ
Нартад түүнийг нь
”Тэхийн зогсоол” гэж
Нэрлэдэг юм гэнэлээ.
Өндөр оргил дээр олон хоног
Зогсдог юм гэнэлээ
Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэлээ.
Умдалдаг ариухан усаа үзэж нэг
Баярладаг юм гэнэлээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг
Баясдаг юм гэнэлээ.
Ижил олон сүргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэлээ
Эх болсон нутгаа сүүлчийн удаа
Хардаг юм гэнэлээ.
Өндөр оргилоос эвэр нь дийлээд
Хальдаг юм гэнэлээ
Өнгөт орчлонгоос нэг нь тэгээд
Дутдаг юм гэнэлээ.
Аавын яриаг хүн бүхэн
Дуугүй чагнав
Айлын эмээ янгирыг өрөвдөн
Нулимс унагав.
Тэрнээс хойш аав минь нэг л
Зовиуртай болов
Тэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг л
Нүүхээ байв.
Гурван гэрийн хонины ээлж
Дороо эргэнэ
Гуравхан хоногт манай ээлж
Эргээд ирнэ.
-Өндөр өөд хонио бүү билчээ! гэж
Аав минь захина
Өглөө болгон л гаднаа сууж
Оргил дурандана.
”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусан
Гурван айл!
Хүмүүсийн харааг өөртөө татсан
Гурвалжин оргил!
Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн
Харлаг тэх!
Чанх дээр нь өдөржин эргэсэн
Хүрэн бүргэд!
Ийм л зураг олон хоногоор
Аавд минь харагдав
Энэ л зураг олон хоногоор
Өвөлжөөнд суулгав.
Нэгэн өглөө оргилыг дурандаад
Аав орж ирэв
Нэг харахнаа баяртай мишээгээд
Цайгаа ууж суув.
-Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэж
Аав минь ярив
-Яамай даа яамай, хөөрхий минь! гэж
Ижий өрөвдөв.
Маргааш өглөө нь гурван гэр маань
Эрт ачаалав
Манарсан бууцнаас хүн, мал маань
Зэрэг хөдлөв.
”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг
Эргэж харав
-Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг
Өөртөө хэлэв.
Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Уртыг яана!
”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилын
Өндрийг яана!

Б.Явуухулан  1969 он

Thursday 31 January 2013

Дотны хүнээ алдсан хүнтэй хэрхэн харьцах вэ?

Two little girls in a park near Union Station, Washington, D.C.  (LOC)
Library of Congress, Prints and Photographs Division, Washington, D.C.

Манайхан нас барсан хүнийг ярьдаггүй, нэрийг нь дурсвал ясыг нь хөндөнө, өндөлзүүлнэ гэж цээрлэдэг билээ. Гэсэн хэдий ч өөрийн эрхгүй үгүйлэн санаж, хэнтэй ч юм уйтгар гунигаа хуваалцаж, буруу зүйл хийж байна гэж өөрийгөө буруушаан үзэлгүйгээр сэтгэл санаа, дотроо онгойлгон ярихад юу нь буруу байх билээ. Заримдаа хүмүүс багтрах шахан цухалдаж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болдог. Энэ үед багахан ч гэсэн тус дэм болох хүмүүс бол найз нөхөд, гэр бүлийн хүмүүс байдаг. Гэтэл тэд маань, бас бид өөрсдөө ч ийм үед яахаа сайн мэддэгүй нь элбэг. Тиймээс энд хэнд ч илүүдэхгүй болов уу гэсэн хэдэн зүйлсийг хуваалцья.

1. Хүлээцтэй хандаарай.

Ямарваа хагацал сэтгэл санаанд цочирдол өгдөг. Энэ байдал нь хэдхэн өдрийн дотор эдгэчихнэ гэж байхгүй, хэдэн сар ч болж магадгүй. Бас хэд хэдэн дотны хүн, эсвэл ажлаа нэг дор алдсан хүмүүс арай удаан хэвийн байдалдаа орох магадлалтай.

Хүн эхлээд яг хагацал үзэх үедээ сэтгэл хөдлөл нь гацсан мэт ямар ч мэдрэмжгүй байдалд ороод дараа нь гэнэтийн уйтгар, цочрол, уур, ганцаардлаар эзэмдүүлдэг нь туулахын аргагүй мэт тэдэнд санагдаж хэцүү байдалд ордог.

Яг тэр үед ихэнхдээ төрөл садан, ах дүүс, найз нөхөд гэх мэт хүмүүс нь дэргэд нь байж дэм болдог. Гэхдээ хамгийн чухал зүйлийг олон хүн мэдэхгүй байдаг. Тэр нь хэдэн сарын дараа ч юм уу, жинхэнэ хагацлын хэцүү үе нь байдаг гэдгийг ойлгох нь ховор. Энэ байдал нь бүр жил болон тэрнээс олон жил үргэлжлэх ч тохиолдол байдаг. Энэ л үед нь бид тэдэнтэйгээ хүлээцтэй хандаж, хайрлаж, хамт байгаа гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй байдаг.

2. Хэчнээн хэцүү байлаа ч харьцаагаа бүү зогсоо.

Ийм хэцүү үед нь тэднээс холдож зайгаа аваагүйд нь тэд маш их баярлах болно. Харамсалтай нь их олон хүн яaх ч учраа олохгүй тэр л хүмүүстэй харьцахаасаа айж, санаа зовж холбоогүй болдог. Хэдэн сар, эсвэл жил болж байгаа юм чинь одоо зүгээр болсон байх гэсэн бас буруу ойлголтууд ч байдаг. Ийм сэтгэлийн шарх хэзээ ч бүрэн эдгэрдэггүй. Ийм хэцүү үе нь тэднийг хамтдаа хоолонд орох, гэртээ урьж цай уулган хамт цаг өнгөрөөх, эсвэл зүгээр л гадуур салхинд алхах гээд л ердийн зүйлс хамт хийхийг санал болговол сайхан байдаг. Хагацал ганцаардлыг авчрах нь элбэг, тиймээс хэрвээ ханиа алдсан нэгэн байвал эхнэр, нөхөр нь амьд байх үед нь хийдэг байсан зүйлсээ түүнтэй адилхан үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.

3. Хэзээ ч бүү харьцуул.

Олон олон хүмүүс хагацал үзсэн нэгэндээ дараах зүйлсийг хэлдэг нь буруу юм.

За, дахиад л хүүхэд гаргачихгүй юу, залуу юм чинь.

Өөр хүнтэй найзлаад үзээч.

Одоо тэр чинь бурханы оронд бий.

Хамт байсан хугацаандаа л залбирч, баярлаж яв даа. 

Яг тэр мөчид бол өөр хүүхэд хэрэггүй, тэр нас барсан хүүхдээ л тэвэрмээр байгаа эхэд муухай санагдана. Тэр л явсан, салсан, нас барсан хүний араас гашуудаж буй болохоос биш тийм амархан зүйл, зайг нь сольж буй хэмхэрсэн тоглоом биш шүү дээ.

4. Талийгаачийн тухай хэзээ ярих вэ?

Ихэнх хагацал үзсэн хүмүүс талийгаачийн тухай сайхан дурсамж ярих, яриулах дуртай. Гэхдээ тэр нь мэдээж цаг хугацаа болон сэтгэлийн тэнхээ, хэр зэрэг ойр дотно хүн байсан гэдгээc хамаарна. Тиймээс та өөрийн зөн совингоо даган бие биендээ сэтгэлийн дэм, дэмжлэг, хайр үзүүлээрэй. Бид чинь хайраар л ундаалдаг амьтад билээ.

Хэрэв таньд энэ бичлэг таалагдсан бол доорх товчнууд дээр дарж хуваалцна уу? Баярлалаа.

Sunday 6 January 2013

Англиар ажлын анкет хэрхэн бөглөх вэ?

Pen en papier / Pen and paper
Photo: Creative Commons

Их Британид нэлээд удсан хүний хувьд мэдсэн сурсан зүйлээ хуваалцмаар санагдлаа.

1. Аль улсын ямар компани гэдгийг судла. Америк, Англи, Японых уу? Том, жижиг, шинэ, алдартай гэх мэт.

2. Ажлын зарыг ямар хэлбэрээр бичсэн байна түүний дагуу бөглө. Товч богино өгүүлбэрүүд байна уу? Том, нүсэр үгстэй, мэргэжлийн хэллэгүүдийг их хэрэглэсэн байна уу?

3. Яг л асуусан асуултанд нь хариул, гэхдээ тодорхой жишээ дурьдаж хариулах хэрэгтэй. Хэн ч Би ажилсаг хөдөлмөрч гэж бичиж чадна шүү дээ. Тэрний оронд Би тэр ажилд байхдаа үргэлж даасан ажлаа чадварлаг хийж тавьсан шаардлагын дагуу цагт нь хийж дуусгадаг байсан гэвэл арай илүү.

4. Энд тэндээс хэт бүү хуул. Зарим хүмүүс интэрнэтээс хэсэг бүлэг өгүүлбэрүүдийг хуулж бичсэн нь илт мэдэгдэхээр оруулсан байдаг. Энэ нь сэтгэл гаргаж бөглөөгүй сэтгэгдэл төрүүлж, итгэхэд бэрх хүн мэт ойлголт өгдөг.

5. Өөрийгөө хэзээ ч бүү муул. Дандаа сайнаар магтах хэрэгтэй. Эцсийн эцэст өөртөө итгэхгүй байгаа хүнд хэн итгэх вэ.

6. Магтахдаа үнэн зөв байдлаар магт, онгиргон дэвэргэн зангаар магтвал бас л хүний дургүй хүргэж ярилцлаганд уригдвал худлаа хэлсэн чинь мэдэгдэж эвгүй байдалд ороход хүрнэ.

7. Ажлын зар дээрх шаадлагатай мэдлэг, чадварыг өөртөө байгаа эсэхийг сайн бод. Заримдаа өөртөө байгаа зүйлийг олж харахгүй тохиолдол бий. Жишээлбэл эмнэлэгт эсвэл цэцэрлэгт ажилд орохыг хүслээ гэж бодьё. Гэтэл зарлал нь хүн асарч, халамжлах чадвартай, тэвчээртэй хүн байх ёстой гэжээ. Хэрвээ өөрөө хүүхэдтэй, эсвэл жижигхэн дүү нартай, бас өндөр настай эцэг эхтэй хүн бөгөөд тэдэндээ тусалж, харж асардаг бол энэ тухайгаа бичиж болох юм.

8. Анкет бөглөхдөө цэвэр нямбай гаргацтай бичих хэрэгтэй. Зарим хүмүүс бичиг хараад л уншиж гаргаж чадахгүй бол шууд л хогийн саванд хийх тохиолдол бий.

9. Анкетээ тэр компаний хэллэг, нэр томьёог хэзээ язааны мэддэг юм шиг бичвэл тэд өөрcдийн адил мэт нүдээр хардаг. Тэс ондоо нэр, хэллэг яриад байвал мэдээж тэдний яриа болон бодлогоос өөр санагдана шүү дээ.

10. Тэр компаний шинэ зүйлсийн тухай дурьдаж, ирээдүйнх нь бодлогыг сөхөж өөрийнхөө мэдлэг, чадвар, туршлагаа хэрхэн уялдаа холбоотой байгааг бичих хэрэгтэй.

11. Хуучин ажлийнхаа хаяг, утасны дугаарыг болон диплом, сэртификатнүүдаа бэлдэх хэрэгтэй.

12. Тодорхойлолт өгөх хүмүүсийнхээ нэр, утасныы дугаар болом имайл хаягийг гаргацтай зөв бичээрэй.

13. Хар өнгийн балаар бөглөвөл цэвэрхэн бас хувилахад амархан гардаг учраас хүлээн авч байгаа хүмүүс ч дуртай байдаг.


Таньд амжилт хүсье!

Жич: Хэрэв таньд ямар нэгэн асуулт байгаа бол холбоо барин асууж болно. Дуртайяа туслах болно.

Monday 3 December 2012

Талийгаач болсон хүнийг дурсдаггүй

Талийгаач болсон хүнийг дурсдаггүй гэж нулимсийг минь ширгээнэ
Таг өөрийгөө барьчихвал тамаас ялгаа алгаа
Арван сар тээсэн үрээ авсанд оршуулснаа тодхон санана
Аргадаж намайг зөөллөхийг хүссэнээс алт мөнгийг би хүссэнгүй ээ

Сэвлэг үсийг нь үнэртэж энгэртээ наасан үр минь
Сэтгэл зүрхийг минь цочиртол хорвоогоос халиад явсаан
Сүүгээрээ амласан эх нь мөнхрүүлэхгүй юм бол
Сүм дуганд хичнээн мөргөөд яах юм бэ

Тийм ээ, миний хүү богино насалж
Тэнгэрийн элч шиг л ээждээ зурвас үлдээж
Тэмцэж босоод нэрийг нь ээж нь түүхэнд үлдээнэ
Тэрлэж, мэлмэрч, тэсч байж хүүдээ би очино

Tuesday 14 August 2012

Бодрол


Харц дальдранхан байж ээж, аавдаа үнсүүлсээн
Хайртай шүү гэдгээ хоёул мэдрэн дүүгээ тэвэрсээн
Нялххаан зээгээ унтаж байхад нь духыг нь үнэрлэсээн
Нялхраад уярсан сэтгэлийг аргамжиж би чөдөрлөсөөн

Урсаад гардаг нулимсыг ширгэтэл өөрийгөө би барьдаг
Ууган эгч нь дүүгээ зүдрээхгүй гэж нуруугаа эгцэлдэг
Уул нь бүдгэрээд, үүл нь өтгөрөөд л нутаг минь холддог
Ус буцлавч тогоондоо ширгэдэг жамыг би ухаардаг

Харийн нутагт одлоо гэж би гунихарсангүй
Хайртай ээжийгээ амсхийлгэж амжаагүйдээ би харуусна
Ханатлаа аавтайгаа байх хором ч богино байсан мэт
Халтлаа дүүтэйгээ ярих ч агшин цөөн тохиосон мэт

Тийм ээ би тэднийгээ санадаг
Тэнгэрийн оддын тоо ч хүрч илэрхийлэхгүйгээр санадаг
Тэнгис далайн ус ч багадахаар дотроо би мэлмэрдэг
Дэргэдээс минь харвал хад чулуу шиг хүйтэн
Дэндүү их нуусан нулимс минь хөлдөөж орхисон биш байгаа