Wednesday 12 June 2013

Нялх хүүхэд асрах миний мэдээгүй нууцууд

Дөрвөн хөөрхөн хүүхэд төрүүлсэн азтай ээж хүн л дээ би. Одоо бодоход олон олон зүйлийг мэдэхгүйн улмаас өөрөө ч нойргүй зүдэрч, ханьдаа ч бас сайн хань болж чадахгүй байсан үе бий. Саяхан нэгэн эх утасдаж зөвлөгөө авахаар нь бодож байгаад өөрийн сурсан хэдхэн зүйлийг ч гэсэн хуваалцья гэж бодлоо.

1. Хөхүүл хүүхдийг хөхүүлсний дараа босоогоор нь тэвэрч байгаад эсвэл өвдөг дээрээ суулгаж байгаад ар нуруун дээр нь зөөлхөн товшиж гэдсэн дэх хийг нь хэхрүүлж гаргаарай. Тэгвэл бие нь амарч, эвгүй оргихгүй сайн унтана.

2. Хамар нь битүүрсэн үед толгой талыг нь арай өндөрсгөөд, ингэхдээ гудсан доор нь ивээс хийвэл бие нь ерөнхийдөө налуу байдалтай болж хамарнаас нь гарах зүйл гадагш гарч дотогшоо орохгүй арай дээр унтах вий.

3. Хүүхдэд дэглэм их хэрэгтэй байдаг. Манай хүүхдүүд орой тус тусдаа унтах цагтай. Унтах цаг нь насных нь хэмжээнээс шалтгааж хамгийн бага нь 7.30-д, том нь 9.00 цагт орондоо ордог. Ингэхээр бас ханьтайгаа хамт байх цаг болон өөрийн дуртай хийх зүйлээ хийх зав гардаг юм. Эхлээд хэцүү байж магадгүй. Нэг долоо хоног өрөөнд нь оруулаад ном уншиж өгөөд,  сайхан амраарай гээд үнсээд гарвал тэгээд сурчихна. Сайн унтсан хүүхэд өдөрт бас хөөрхөн ааштай уйлагнаад зүдрэхгүй юм байна лээ.

4. Хүүхдээ аль болохоор өөрөө ганцаар нь унтуулаад сургачихвал өөрт ч бас амар юм. Би том хоёрыгоо Монгол аргаараа өвөртөлж унтаж эрхлүүлсэн юм. Хүүхэд гаргах ямар хэцүү юм гэж бодож, шөнөжингөө мөөмөө өгч нуруу бөөрөө эцээдэг байж. Харин сүүлийн бага хүүхдээ бол эхнээс нь л өөрийнх нь жижигхэн оронд хажуудаа унтуулж байгаад 6, 7 сартай болохоор нь өөрийнх нь өрөөнд унтуулсан даа. Бид нар бас өөрсдөө хөдөлж, хурхирч, ханиаж дэргэд нь чимээтэй байдгаас тэд амархан сэрдэг байсан ч байж магадгүй. Өрөөндөө ороод л нам унтдаг болсон. Шөнө ч сэрэх нь ховордсон.

5. Хүүхэдтэйгээ аль болох ярьж тэд нар ойлгож байгаа мэт харьцвал удахгүй амархан ойлгож, хэлд орохдоо ч арай хурдан юм шиг санагдсан. Аль болох жирийн үг хэрэглэж ярьвал дээр юм байна лээ.

Саяхан нэгэн ээж: Таны хэлсэн үгийг дандаа санаж хүүхдээ улам хайрлах болсон гэж билээ.
Жилийн өмнө би ингэж хэлсэн юм байна:

Таны хүүхэд ямар ч оноштой бай, хэд ч наслах байсан хамаагүй, хүүхэдтэйгээ хамт байж элгэндээ тэвэрч үнсэх үртэйгээ хамт байна гэдэг аз жаргал.

No comments:

Post a Comment

Таньд таалагдсан бол коммэнт үлдээгээрэй! Баярлалаа. :)