Tuesday, 22 May 2012

Хүний л үр юм шүү дээ, яг тань шиг.

Хөөрхий дөө хүний үр л юм шүү дээ. За, ядарсан хүнд л тус болж явдаг юм шүү гэж ээж минь хэлж өсгөсөн сөн.

Манай гудамжинд нэгэн эгч амьдардаг байлаа. Хөөрхий тэр эгч нэг л бусдаас өөр харагдаж, удаан ойлгоцтой, юм ярихдаа хагас дутуу хэлж хүний доог тохуу болдог байж билээ. Олон удаа би өөрийн нүдээрээ тэр эгч рүү хүүхдүүд чулуу шидэж янз бүрийн нэрээр дууддаг байсныг харж байсан юм. Багад нь юмнаас унагаад ингэсэн гэнэ лээ. Их сайн хүн болох байсан чинь муу юм хорлочихсон гэсэн. Эдний удмынхан бүтэх юмгүй дээ. Архичин болохоор ингээ биз гэх мэт олон янзын асуулт, хариултууд манай ойр хавийнхнийг эзэмддэг байв.

Би өөрөө бага байсан болохоор сайн ойлгож мэддэггүй байж. Томчууд маань ч өөрсдөө яагаад гэдгийг тайлбарлаж мэддэггүй байсны улмаас тийм олон янзын зүйлс зохиогдоо биз ээ.

Одоо эргээд бодоход бид ямар байдалтай эхээс төрсөн байна тэр л бие мах бодь, гар хөл, хөмсөг нүд байгалиас заясан тэр л байдлаар биднийг хувь заяа шийдсэн байдаг. Хэн маань ч би ээжээсээ гарахдаа ийм нүд, тийм чих, ийм зүрхтэй төрнө гээд сонгож чадахгүй шүү дээ. Тэрэнтэй яг адилхан тэдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хэлгүй, дүлий эсвэл сохор хүмүүс ч бас тийм л байдлаар төрсөн, эсвэл ямар нэгэн азгүй тохиолдол тахиолдсон байж болох юм. Энэ нь тэдний буруу биш, ихэнх тохиолдолд тэдний эх эцгийн ч буруу биш.

Хэрвээ та яг одоо өөрийн гэр бүлдээ ч юм уу, танай сум, аймаг, эсвэл орцонд чинь хэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг эсэхийг боддоо. Та яаж хандаж байв? Та хэрвээ нүд буруулдаг байсан бол нүд рүү нь хараад инээмсэглээрэй. Та Сайн байна уу? гээд мэндлээрэй. Тэдэнд яг л бидэн шиг хайр халамж, хүний сайхан сэтгэл л хэрэгтэй байдаг. Та тэгэж харьцсанаараа тэр хүнийг төдийгүй хамт яваа аав, ээж, ах, эгч эсвэл найз нөхдийг нь баярлуулж байгаа гэдгээ санаарай.

Та өөрийгөө л бод доо. Та өнөөдөр сайн яваа байж магадгүй, тэгвэл та хэцүү байсан үеэ бүү март. Эдгээр хүмүүст ч бас сайн явсан цаг, бас сайн явах цаг бий.

Тийм ээ, тэд таньтай яг адилхан. Өрөвдөж биш хүндэлж харьцаарай. Энэ нь тэдэнд өөртөө итгэх итгэл хайрладаг юм. Хүний л үр юм шүү дээ, яг тань шиг.
Helen Keller (LOC)
Helen Keller - Америкийн улс төрч, алдарт зохиолч, уран илтгэгч.
Тэрээр сохор бас дүлий байжээ.


CC Bain Collection

Tuesday, 1 May 2012

Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?

Public School Students Work on Ecology Project, 05/1972 CC US National Archives
Ta бүхэндээ Мэргэжлийн Зөвлөгөө Өгөгч мэргэжилтэй хүний хувьд энэ сэдвээр товчхон ч гэсэн зөвлье гэж бодлоо.

1. Мэргэжлийг хэдэн наснаас ч эхэлж сонгож болно. Сургууль төгсөх үедээ л сонгоно гэдэг бол буруу. Бид өдөр бүр л телевиз, радио, интэрнэт, ном гээд л олон олон мэргэжлийн хүмүүсийг хардаг шүү дээ. Тийм их боломж байхад яагаад энэ талаар бодож болохгүй гэж. Хойш бүү тавь.

2. Нэгээс илүү мэргэжил сонго. Жишээлбэл хамгийн их дуртай болмоор байгаа мэргэжил чинь юу вэ? Тэгээд тэрний дараа нь ямар мэргэжил байна? Ингэж нэгээс илүү мэргэжил бэлдэнээ гэдэг маань та сэтгэл дундуур хоцрохгүй байна гэсэн үг. Яагаад гэхээр та мэргэжлээ сонголоо гэхэд нэг мэргэжил болохгүй бол нөгөөх мэргэжлээ сонгочих боломжтой учраас.

3. Мэргэжлээ сонгохдоо өөрөө шийд. Зарим хүүхдүүд найз нөхөдтэйгөө адилхан мэргэжил сонгодог. Энэ нь магадгүй тэд найз нөхдөөсөө холдмооргүй ч юмуу, эсвэл бусдыг дуурайж тэдэнтэй адил болох сонирхлын улмаас байдаг. Тэгэхээр өөрөөсөө сайн асуу, тэр найз нөхөдтэйгөө сургууль төгсөөд холбоо харилцаатай байх олон боломж бий. Тэгээд ч амьдрал дээр найз нартайгаа дандаа хамт байна гэж байхгүй.

4. Эцэг, эх, ах дүүсээ сонсож болно, гэхдээ чиний өөрийн чинь амьдрал гэдгээ санаарай. Алсын бодолтой сонголт хийх хэрэгтэй. Зарим хүүхдүүд эцэг эхийнхээ сонгосон сургуульд орж мөнгө болон цагаа бардаг. Дургүй бол эртхэн хэлээд тэрийгээ хамт шийдсэн нь дээр.

5. Мэргэжлээ сонгохдоо өөрөө өөрөөсөө янз бүрийн асуулт асуу. Телевизээр гарч байгаа кино үзээд Мөрдөн Байцаагч болмоор байлаа гэж бодьё. Тэр мэргэжлийн юу нь таалагдав? Дүрэмт хувцас өмсөөд, машин тэрэг хурдан бариад, гэмт хэрэгтнийг илэрүүлэх нь сайхан байж болох юум. Тэгвэл нас барсан хүний бие цогцос, цустай, нулимстай зууралдах үе гарна. Тэр үед яах вэ? гэх зэрэг асуултуудыг санахад илүүдэхгүй.

6. Өөрийгөө сайн мэд. Хүнтэй ажиллах дуртай юу? эсвэл компьютр дээр ганцаараа өдөржингөө суухад хамаагүй юү? Гадуур дотуур явдаг ажил зүгээр үү? эсвэл нэг доороо суурин байх ажил зүгээр үү?

7. Тэр өөрийн чинь сонирхож байгаа ажлыг хийдэг хүнтэй яриад үз. Байхгүй тийм хүн танихгүй гэж бодвол ах дүүс, аав ээжээсээ асуу. Тэр хүмүүсээс тэд нар яаж энэ ажилдаа орсон талаар асуу судал. Бас энэ ажлын юу нь сайхан муухайг мэд.

8. Ямар мэргэжилтэй болохоо сонгосон бол одоо яаж тийм мэргэжилтэй болох вэ? Аль сургууль энэ мэргэжлээр сургадаг вэ? Тэр сургуулийг олоод оюутан, багш нараас нь асууж болно. Тэр сургууль интэрнэтэд мэдээлэл бичсэн байна уу? Сургуулийнх нь элсэлтийн шаардлага юу байна?

9. Сургуулиа сонгоод, ямар шалгалт, ямар дүн шаардлагатайг мэдсэн бол өөрийнхөө хичээлүүдийг бодож үз. Чи тэр бүгдийг хангахаар сайн сурч байна уу? Аль хичээл дээр юун дээр анхаарах вэ? Энэ талаар юу хиймээр байна? Багштайгаа ярих уу? Давтлага хэрэгтэй юү?

10. Өөрийгөө тэр мэргэжлээрээ ажиллаж амьдарч байгаагаар төсөөл. Би чадна, чадах бүхнээ хийнэ гэж өөртөө амлаад зүтгэ. Чи өөрөө л чадна гэж бодвол чадна, яагаад гэхээр чиний амьдрал, ажил бүгд чамаас л шалтгаална.

За амжилт хүсье! Энд Ганбаатар гэж их мундаг лэкц уншдаг ах байна. Энэ лэкц таалагдсан болохоор та нартайгаа хуваалцлаа.