Tuesday, 22 May 2012

Хүний л үр юм шүү дээ, яг тань шиг.

Хөөрхий дөө хүний үр л юм шүү дээ. За, ядарсан хүнд л тус болж явдаг юм шүү гэж ээж минь хэлж өсгөсөн сөн.

Манай гудамжинд нэгэн эгч амьдардаг байлаа. Хөөрхий тэр эгч нэг л бусдаас өөр харагдаж, удаан ойлгоцтой, юм ярихдаа хагас дутуу хэлж хүний доог тохуу болдог байж билээ. Олон удаа би өөрийн нүдээрээ тэр эгч рүү хүүхдүүд чулуу шидэж янз бүрийн нэрээр дууддаг байсныг харж байсан юм. Багад нь юмнаас унагаад ингэсэн гэнэ лээ. Их сайн хүн болох байсан чинь муу юм хорлочихсон гэсэн. Эдний удмынхан бүтэх юмгүй дээ. Архичин болохоор ингээ биз гэх мэт олон янзын асуулт, хариултууд манай ойр хавийнхнийг эзэмддэг байв.

Би өөрөө бага байсан болохоор сайн ойлгож мэддэггүй байж. Томчууд маань ч өөрсдөө яагаад гэдгийг тайлбарлаж мэддэггүй байсны улмаас тийм олон янзын зүйлс зохиогдоо биз ээ.

Одоо эргээд бодоход бид ямар байдалтай эхээс төрсөн байна тэр л бие мах бодь, гар хөл, хөмсөг нүд байгалиас заясан тэр л байдлаар биднийг хувь заяа шийдсэн байдаг. Хэн маань ч би ээжээсээ гарахдаа ийм нүд, тийм чих, ийм зүрхтэй төрнө гээд сонгож чадахгүй шүү дээ. Тэрэнтэй яг адилхан тэдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хэлгүй, дүлий эсвэл сохор хүмүүс ч бас тийм л байдлаар төрсөн, эсвэл ямар нэгэн азгүй тохиолдол тахиолдсон байж болох юм. Энэ нь тэдний буруу биш, ихэнх тохиолдолд тэдний эх эцгийн ч буруу биш.

Хэрвээ та яг одоо өөрийн гэр бүлдээ ч юм уу, танай сум, аймаг, эсвэл орцонд чинь хэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг эсэхийг боддоо. Та яаж хандаж байв? Та хэрвээ нүд буруулдаг байсан бол нүд рүү нь хараад инээмсэглээрэй. Та Сайн байна уу? гээд мэндлээрэй. Тэдэнд яг л бидэн шиг хайр халамж, хүний сайхан сэтгэл л хэрэгтэй байдаг. Та тэгэж харьцсанаараа тэр хүнийг төдийгүй хамт яваа аав, ээж, ах, эгч эсвэл найз нөхдийг нь баярлуулж байгаа гэдгээ санаарай.

Та өөрийгөө л бод доо. Та өнөөдөр сайн яваа байж магадгүй, тэгвэл та хэцүү байсан үеэ бүү март. Эдгээр хүмүүст ч бас сайн явсан цаг, бас сайн явах цаг бий.

Тийм ээ, тэд таньтай яг адилхан. Өрөвдөж биш хүндэлж харьцаарай. Энэ нь тэдэнд өөртөө итгэх итгэл хайрладаг юм. Хүний л үр юм шүү дээ, яг тань шиг.
Helen Keller (LOC)
Helen Keller - Америкийн улс төрч, алдарт зохиолч, уран илтгэгч.
Тэрээр сохор бас дүлий байжээ.


CC Bain Collection

No comments:

Post a Comment

Таньд таалагдсан бол коммэнт үлдээгээрэй! Баярлалаа. :)