Monday 3 December 2012

Талийгаач болсон хүнийг дурсдаггүй

Талийгаач болсон хүнийг дурсдаггүй гэж нулимсийг минь ширгээнэ
Таг өөрийгөө барьчихвал тамаас ялгаа алгаа
Арван сар тээсэн үрээ авсанд оршуулснаа тодхон санана
Аргадаж намайг зөөллөхийг хүссэнээс алт мөнгийг би хүссэнгүй ээ

Сэвлэг үсийг нь үнэртэж энгэртээ наасан үр минь
Сэтгэл зүрхийг минь цочиртол хорвоогоос халиад явсаан
Сүүгээрээ амласан эх нь мөнхрүүлэхгүй юм бол
Сүм дуганд хичнээн мөргөөд яах юм бэ

Тийм ээ, миний хүү богино насалж
Тэнгэрийн элч шиг л ээждээ зурвас үлдээж
Тэмцэж босоод нэрийг нь ээж нь түүхэнд үлдээнэ
Тэрлэж, мэлмэрч, тэсч байж хүүдээ би очино

Tuesday 14 August 2012

Бодрол


Харц дальдранхан байж ээж, аавдаа үнсүүлсээн
Хайртай шүү гэдгээ хоёул мэдрэн дүүгээ тэвэрсээн
Нялххаан зээгээ унтаж байхад нь духыг нь үнэрлэсээн
Нялхраад уярсан сэтгэлийг аргамжиж би чөдөрлөсөөн

Урсаад гардаг нулимсыг ширгэтэл өөрийгөө би барьдаг
Ууган эгч нь дүүгээ зүдрээхгүй гэж нуруугаа эгцэлдэг
Уул нь бүдгэрээд, үүл нь өтгөрөөд л нутаг минь холддог
Ус буцлавч тогоондоо ширгэдэг жамыг би ухаардаг

Харийн нутагт одлоо гэж би гунихарсангүй
Хайртай ээжийгээ амсхийлгэж амжаагүйдээ би харуусна
Ханатлаа аавтайгаа байх хором ч богино байсан мэт
Халтлаа дүүтэйгээ ярих ч агшин цөөн тохиосон мэт

Тийм ээ би тэднийгээ санадаг
Тэнгэрийн оддын тоо ч хүрч илэрхийлэхгүйгээр санадаг
Тэнгис далайн ус ч багадахаар дотроо би мэлмэрдэг
Дэргэдээс минь харвал хад чулуу шиг хүйтэн
Дэндүү их нуусан нулимс минь хөлдөөж орхисон биш байгаа

Tuesday 22 May 2012

Хүний л үр юм шүү дээ, яг тань шиг.

Хөөрхий дөө хүний үр л юм шүү дээ. За, ядарсан хүнд л тус болж явдаг юм шүү гэж ээж минь хэлж өсгөсөн сөн.

Манай гудамжинд нэгэн эгч амьдардаг байлаа. Хөөрхий тэр эгч нэг л бусдаас өөр харагдаж, удаан ойлгоцтой, юм ярихдаа хагас дутуу хэлж хүний доог тохуу болдог байж билээ. Олон удаа би өөрийн нүдээрээ тэр эгч рүү хүүхдүүд чулуу шидэж янз бүрийн нэрээр дууддаг байсныг харж байсан юм. Багад нь юмнаас унагаад ингэсэн гэнэ лээ. Их сайн хүн болох байсан чинь муу юм хорлочихсон гэсэн. Эдний удмынхан бүтэх юмгүй дээ. Архичин болохоор ингээ биз гэх мэт олон янзын асуулт, хариултууд манай ойр хавийнхнийг эзэмддэг байв.

Би өөрөө бага байсан болохоор сайн ойлгож мэддэггүй байж. Томчууд маань ч өөрсдөө яагаад гэдгийг тайлбарлаж мэддэггүй байсны улмаас тийм олон янзын зүйлс зохиогдоо биз ээ.

Одоо эргээд бодоход бид ямар байдалтай эхээс төрсөн байна тэр л бие мах бодь, гар хөл, хөмсөг нүд байгалиас заясан тэр л байдлаар биднийг хувь заяа шийдсэн байдаг. Хэн маань ч би ээжээсээ гарахдаа ийм нүд, тийм чих, ийм зүрхтэй төрнө гээд сонгож чадахгүй шүү дээ. Тэрэнтэй яг адилхан тэдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хэлгүй, дүлий эсвэл сохор хүмүүс ч бас тийм л байдлаар төрсөн, эсвэл ямар нэгэн азгүй тохиолдол тахиолдсон байж болох юм. Энэ нь тэдний буруу биш, ихэнх тохиолдолд тэдний эх эцгийн ч буруу биш.

Хэрвээ та яг одоо өөрийн гэр бүлдээ ч юм уу, танай сум, аймаг, эсвэл орцонд чинь хэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг эсэхийг боддоо. Та яаж хандаж байв? Та хэрвээ нүд буруулдаг байсан бол нүд рүү нь хараад инээмсэглээрэй. Та Сайн байна уу? гээд мэндлээрэй. Тэдэнд яг л бидэн шиг хайр халамж, хүний сайхан сэтгэл л хэрэгтэй байдаг. Та тэгэж харьцсанаараа тэр хүнийг төдийгүй хамт яваа аав, ээж, ах, эгч эсвэл найз нөхдийг нь баярлуулж байгаа гэдгээ санаарай.

Та өөрийгөө л бод доо. Та өнөөдөр сайн яваа байж магадгүй, тэгвэл та хэцүү байсан үеэ бүү март. Эдгээр хүмүүст ч бас сайн явсан цаг, бас сайн явах цаг бий.

Тийм ээ, тэд таньтай яг адилхан. Өрөвдөж биш хүндэлж харьцаарай. Энэ нь тэдэнд өөртөө итгэх итгэл хайрладаг юм. Хүний л үр юм шүү дээ, яг тань шиг.
Helen Keller (LOC)
Helen Keller - Америкийн улс төрч, алдарт зохиолч, уран илтгэгч.
Тэрээр сохор бас дүлий байжээ.


CC Bain Collection

Tuesday 1 May 2012

Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?

Public School Students Work on Ecology Project, 05/1972 CC US National Archives
Ta бүхэндээ Мэргэжлийн Зөвлөгөө Өгөгч мэргэжилтэй хүний хувьд энэ сэдвээр товчхон ч гэсэн зөвлье гэж бодлоо.

1. Мэргэжлийг хэдэн наснаас ч эхэлж сонгож болно. Сургууль төгсөх үедээ л сонгоно гэдэг бол буруу. Бид өдөр бүр л телевиз, радио, интэрнэт, ном гээд л олон олон мэргэжлийн хүмүүсийг хардаг шүү дээ. Тийм их боломж байхад яагаад энэ талаар бодож болохгүй гэж. Хойш бүү тавь.

2. Нэгээс илүү мэргэжил сонго. Жишээлбэл хамгийн их дуртай болмоор байгаа мэргэжил чинь юу вэ? Тэгээд тэрний дараа нь ямар мэргэжил байна? Ингэж нэгээс илүү мэргэжил бэлдэнээ гэдэг маань та сэтгэл дундуур хоцрохгүй байна гэсэн үг. Яагаад гэхээр та мэргэжлээ сонголоо гэхэд нэг мэргэжил болохгүй бол нөгөөх мэргэжлээ сонгочих боломжтой учраас.

3. Мэргэжлээ сонгохдоо өөрөө шийд. Зарим хүүхдүүд найз нөхөдтэйгөө адилхан мэргэжил сонгодог. Энэ нь магадгүй тэд найз нөхдөөсөө холдмооргүй ч юмуу, эсвэл бусдыг дуурайж тэдэнтэй адил болох сонирхлын улмаас байдаг. Тэгэхээр өөрөөсөө сайн асуу, тэр найз нөхөдтэйгөө сургууль төгсөөд холбоо харилцаатай байх олон боломж бий. Тэгээд ч амьдрал дээр найз нартайгаа дандаа хамт байна гэж байхгүй.

4. Эцэг, эх, ах дүүсээ сонсож болно, гэхдээ чиний өөрийн чинь амьдрал гэдгээ санаарай. Алсын бодолтой сонголт хийх хэрэгтэй. Зарим хүүхдүүд эцэг эхийнхээ сонгосон сургуульд орж мөнгө болон цагаа бардаг. Дургүй бол эртхэн хэлээд тэрийгээ хамт шийдсэн нь дээр.

5. Мэргэжлээ сонгохдоо өөрөө өөрөөсөө янз бүрийн асуулт асуу. Телевизээр гарч байгаа кино үзээд Мөрдөн Байцаагч болмоор байлаа гэж бодьё. Тэр мэргэжлийн юу нь таалагдав? Дүрэмт хувцас өмсөөд, машин тэрэг хурдан бариад, гэмт хэрэгтнийг илэрүүлэх нь сайхан байж болох юум. Тэгвэл нас барсан хүний бие цогцос, цустай, нулимстай зууралдах үе гарна. Тэр үед яах вэ? гэх зэрэг асуултуудыг санахад илүүдэхгүй.

6. Өөрийгөө сайн мэд. Хүнтэй ажиллах дуртай юу? эсвэл компьютр дээр ганцаараа өдөржингөө суухад хамаагүй юү? Гадуур дотуур явдаг ажил зүгээр үү? эсвэл нэг доороо суурин байх ажил зүгээр үү?

7. Тэр өөрийн чинь сонирхож байгаа ажлыг хийдэг хүнтэй яриад үз. Байхгүй тийм хүн танихгүй гэж бодвол ах дүүс, аав ээжээсээ асуу. Тэр хүмүүсээс тэд нар яаж энэ ажилдаа орсон талаар асуу судал. Бас энэ ажлын юу нь сайхан муухайг мэд.

8. Ямар мэргэжилтэй болохоо сонгосон бол одоо яаж тийм мэргэжилтэй болох вэ? Аль сургууль энэ мэргэжлээр сургадаг вэ? Тэр сургуулийг олоод оюутан, багш нараас нь асууж болно. Тэр сургууль интэрнэтэд мэдээлэл бичсэн байна уу? Сургуулийнх нь элсэлтийн шаардлага юу байна?

9. Сургуулиа сонгоод, ямар шалгалт, ямар дүн шаардлагатайг мэдсэн бол өөрийнхөө хичээлүүдийг бодож үз. Чи тэр бүгдийг хангахаар сайн сурч байна уу? Аль хичээл дээр юун дээр анхаарах вэ? Энэ талаар юу хиймээр байна? Багштайгаа ярих уу? Давтлага хэрэгтэй юү?

10. Өөрийгөө тэр мэргэжлээрээ ажиллаж амьдарч байгаагаар төсөөл. Би чадна, чадах бүхнээ хийнэ гэж өөртөө амлаад зүтгэ. Чи өөрөө л чадна гэж бодвол чадна, яагаад гэхээр чиний амьдрал, ажил бүгд чамаас л шалтгаална.

За амжилт хүсье! Энд Ганбаатар гэж их мундаг лэкц уншдаг ах байна. Энэ лэкц таалагдсан болохоор та нартайгаа хуваалцлаа.

Thursday 26 April 2012

Гадаад хэл дээр эссэй хэрхэн бичих вэ?

Retained a Car Pool Office in May, 1974, Even after the Gas Shortage Was Virtually Over. The Phone Number for the Agency Spells C A R P O O L 05/1974

Photo credit: CC US National Gallery


Энэ удаа би залуучууддаа болон гадаадад гарах сонирхолтой шалгалт өгч байгаа бүх хүмүүст мэдэхээсээ хуваалцахыг хүссэн юм.

1. Ямар шалгалт вэ гэдгээ тогтоо. Аль улсын шалгалт өгөх гэж байна аа гэдгээ хар. Америк уу, Англи уу гэх мэт. Тэрнээсээ хамаараад хэллэг, үсэглэл бас өөр байх тохиолдлууд бий.

2. Эссэй бичих заавраа сайн унш. Хэдэн зүйлийн тухай бич гэсэн байна? Нэг том сэдэв үү? Хэд хэдэн жижигхэн зүйлсийг хамруулж бичихээр байна уу?

3. Бичихдээ аль болохоор бодит жишээн дээр өөрийн тавьж буй санал болон маргаанаа батлах зорилгоор бичих хэрэгтэй. Их олон хүн би ингэж боддог гээд л хаядаг. Яагаад та тэгэж бодож байна гэдгээ амьдрал дээр жишээн дээр тайлбарла. Жишээлбэл:

а. Би гүзээлзгэнэтэй зайрмагт илүү дуртай.

б. Би гүзээлзгэнэтэй зайрмагт илүү дуртай. Яагаад гэвэл шоколадтай зайрмаг илүү чихэрлэг учраас нялуун амт нь миний дотрыг эвгүй болгодог.

4. Бүх эссэй эхлэл, дунд болон төгсгөлтэй байх ёстой.

5. Манайхан интэрнэтээс их хуулдаг. Энэ бол шууд унана л гэсэн үг. Том том их сургуулиуд бол шууд хуулсан материалийг таньдаг программуудтай учраас хэн нэгэн засаж байгаа хүн нэг өгүүлбэр оруулахад л шууд гарч ирдэг.

6. Том том үг хэрэглэж гайхуулах биш яг оносон үгээ олж бичих чухал. Зарим хүмүүс ямар мундаг гэдгээ харуулах гэж өөрөө ч мэдэхгүй үгнүүдийг хуулж бичдэг. Энэ нь шууд уншихад л мэдэгддэг. Яагаад гэхээр тэдгээр үгс нь сайн уялдаж утгыг нь гаргаж өгдөггүй, ойролцоо утгатай үгс байдаг. Монгол дээр ч гэсэн тийм үгнүүд байдагтай адил. Жишээлбэл манайхан морин дээр мордоно гэж ярихаас биш сууна гэж хэлдэггүй.

7. Бас их урт оршил бичдэг алдаа байдаг. Нэг улс төрийн бодлогыг ярих гэж байгаа бол яг тэр бодлогоо л сайн тайлбарлах буюу дүгнэх нь чухал. Түүнээс биш аль дээр үеийн тэр намын түүхийг хэдэн онд хэн хаана байгуулсныг бичээд байх шаардлагагүй.

8. Бичих гэж байгаа зүйлийнхээ талаар судлах хэрэгтэй. Шууд интэрнэтээс хайгаад л эхний олдсон юмыг хуулж бичээд байвал чиний өрсөлдөж байгаа хүмүүс бас л яг тэрнийг чинь хийж байгааг санаарай. Өрсөлдөгчөөсөө юугаараа илүү гармаар байна, тийм бол цаашаа хэд хэдэн хуудас нэмээд уншихад нэлээд зүйл гарч ирэх вий.

9. Хянах болон асуух хүн байвал сайн хэрэг. Гэхдээ тэр хүнээ гэрийн даалгавраа хийж өгөхийг бүү хүлээ. Өөрөө л эхнээс нь за одоо л боллоо доо гэтлээ хийх хэрэгтэй. Тэгсэн хойноо л асууж зөвлөгөө авбал зүгээр. Чамд зав олдохгүй байгаатай адил тэдгээр хүмүүст ч гэсэн өөрийн амьдрал, ажил бий.


10. Сайн ном уншвал найруулан бичихэд тустай, үгийн баялаг ч арвиждаг.

Таньд амжилт хүсье.

Monday 16 April 2012

Даун Синдром гэж юу вэ?

Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Холбооны тэргүүн Ариуны яриаг сонсож мэдлэгээ тэлээрэй. Энэхүү яриаг анх ТЭДx гэдэг илтгэл яриаг зохион байгуулдаг Мэнд- Оршихтой Твйттэр дээр миний бичсэн нэг өгүүлбэрээс эхлэн бэлдэж энэ том үйл ажиллагаанд оролцсон юм. Та бүхэн энэ ТЭДxийн талаар илүү дэлгэрэнгүй уншмаар бол энд дарна уу?


Tuesday 6 March 2012

Монгол гэж хэн бэ?

Монгол гэж хэллээ гээд л дургүйцээд, юу л болоод байна даа гэж зарим хүмүүс бодож магадгүй юм. Тиймээ, би саяхан л Англи хэл сурч эхлээд хэл бичгийн толиноос Монгол гэдэг үг хартал Монголойд гэдэг нь Даун синдромтой хүнийг хэлдэг гэж бичсэн байсныг хараад гайхаж байсан ч нэг их юм бодолгүй өнгөрч билээ. Гэтэл Монголоосоо гарч энд тэнд явж, өөр улсад амьдарч эхэлтэл Монгол гэдэг нэр маань нэг л өөрөөр хэлэгдэж хэрэглэгдээд байгааг үзэж мэдэрч эхэлсэн юм. Ингээд Монгол гэдэг үгний талаар өөрсдөдөө буюу Монголчууддаа тайлбарлая гэж бодлоо.

Их Британы эрдэмтэн доктор John Langdon Down 1860аад оны үед Down’s syndrome буюу Даун Синдромийг анх оношлож нээжээ. Тэрээр энэхүү дүгнэлтийг хийхдээ хэсэг адил төстэй нүүр царайтай болон төрөлхийн ижил шинжтэй хүмүүсийг тусгай байранд амьдруулан ажиглаж эхэлсэн байна. Эдгээр хүмүүсийн оюуны чадвар болон хөгжилт нь ямар нэгэн байдлаар бэрхшээлтэй, булчин султайн улмаас яриа удаан, мөн алганы зураас нь нэг хөндлөн зураас гэх зэрэг адилхан шинж тэмдэг ажиглагджээ. Даун эдгээр хүмүүсийн нүүрний шинжийг ажиглаж Монгол язгууртан хүмүүстэй адилхан дээшээ жартгар нүдтэй гэж Монголизм буюу тэнэг Монгол гэж нэрлэжээ. 1960аад он болтол энэ удамшлын оношыг Монголизм гэж дэлхий даяар нэрлэн хэвшсэн байна.

1959 онд Dr. Jerome Lejeune, Францын физикч Даун синдромны шинжлэх ухааны талын тайлбарыг нээжээ. Тэрээр Трисомы 21 гэдэг хоромосом нэгээр илүүдэлтэй тохиолдолд бий болдог төрөлхийн гажиг нөлөө гэж тогтоосон байна. Энэхүү үзэгдэл нь аль ч үндэстэн угсаатан, арьс өнгө, нас харгалзахгүйгээр хэнд ч тохиолдож болдог ба эхийн хэвлийд анх үр бий болоход бүрддэг. Эцэг эхийн буруугаас биш, хэнээс ч хамаарахгүйгээр байгалийн нөхцлөөр бүрдэн үүсдэг байна.Одоогоор дэлхий дахинаа Дауныг анагаах эм бэлдмэл нээгдээгүй байна.

1960 оноос хойш Монголын дипломат төлөөлөгчид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад (World Health Organisation) “mongol” гэдэг нэр томёог хэрэглэхийг эсэргүүцэн өргөх бичиг барьжээ. Түүнээс хойш Монгол биш Даун синдром гэдэг нэрээр албан ёсоор нэрлэгдсэн ч Монгол гэдэг үгийг өдий болтол тэнэг мулгуу гэдэг бүдүүлэг хараал үгийн утгаар олон хэл дээр хэрэглэк байна. Энэ үг нь олон хэлбэрээр (mong, mongo, mongolico) тархан газар авчээ.

Хэрэв та энэ үгийг буруу бүдүүлгээр хэрэглэж байгаатай таарвал засаарай. Яагаад бид дуугүй л хүлцэнгүйгээр өөрдсийнхөө үндэстний нэрийг бүдүүлэг үг хараалаар орлуулж байхад чимээгүй суух вэ. Бас ядарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хүмүүсийг дээрэлхэн доромжилж байгаа биш үү.

Энэ талаар дэлхий даяар интэрнэтээр суртчилж хүмүүст мэдлэг олгох саналтай байна. Та юу гэж бодож байна вэ?

Sunday 12 February 2012

Хүчирхийллээс хэрхэн гарах вэ?

Oswestry Infant School, Middleton Road, Oswestry


Хаагуур яаж гарвал эвтэйхэн зугатаж гарахаа бод. Хүүхдүүдтэй бол хүүхдүүдээ дагуулаад тоглоомын аргаар дасгал хийж сургавал зүгээр.

Хэзээ ч явахад бэлэн цүнхээ бэлдэх хэрэгтэй. Үүндээ:
  • Төрсний гэрчилгээ, паспорт гэх зэрэг чухал баримт бичигнүүд
  • Мөнгө, төгрөг, банкны карт
  • Түлхүүрнүүд
  • Хүчирхийлэлд өртсөн байдлыг харуулсан зурагнууд, өдрийн тэмдэглэл, утсан дээрх messageнүүд
  • Хүчирхийлэгч этгээдийн зураг

Аюлгүй байдалд туслах хүмүүсийнхээ нэрсийн жагсаалт:
  • Найзууд
  • Төрөл садан
  • Орон нутгийн, ойрхон тургэн тусламж, цагдаагийн газрын холбоо барих дугаар болон хаяг
  • Эмэгтэйчүүдэд туслах сан, байгууллагийн мэдээлэл

Дандаа гар утсаа цэнэглэж бэлэн байдалд байлгах хэрэгтэй.


Хүчирхийллийн үед яах вэ?

Аль болох нэг хаалгатай өрөөнд бүү ор
Гал тогоо, банн болон гараашинд бүү ор

Чадвал тусламж дууд

Ерөнхийдөө өдрийн тэмдэглэл хөтөл
Хаана яаж, юу болсныг бичиж бай
Өдрийн тэмдэглэл цаасан дээр хийж болохгүй бол имайл өөртөө бич, мэдээж хэн ч уншихааргүй хаяаг руу 
Ингэж бичих нь ирээдүйдээ хуулийн шүүх хурал энэ тэрт хэрэгтэй, мөн өөрт чинь сэтгэл санааны хувbд ч гэсэн хэрэг болно



Зугтан гарсныхаа дараа яaх вэ?

  • Интэрнэт болон гар утсаар хаана байгааг дагадаг программ байдаг, тийм зүилээс болгоомжил
  • Мөн янз бүрийн нэрээр имайл энэ тэр бичих, энд тэнд интэрнэт дээр найз болох энэ тэрийг сэрэмжлэх хэрэгтэй.
  • Өдөр тутмынхаа зүйлийг түр өөрчил. Хэдэн цагт ажил тарах, дэлгүүр явах гэх мэт.
  • Хаалганыхаа цоожыг соль
  • Утасныхаа дугаарыг өөрчил
  • Төрөл садан, найз нөхөд, хажуу айл, цагдаагийн газар, хүүхдүүдийнхээ сургууль, ажлийнхандаа санаа зовох зyил байвал хэлж мэдэгд

Өөрийнхөө хаягийг аль болохоор нууц байлга, шүүхийн бичиг баримт энэ тэр дээр хаягаа хэрэглүүлэхгүй байхийг хичээ. Энэнээс болоод хаана байгааг чинь мэдэж болно.

Доорх байгууллага шиг газруудад ханд. Монголд болон гадаадад байгаа Монголчуудад туслах төв саяхан нээгдсэн байна.

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв

Friday 27 January 2012

Хөгжлийн Бэрхшээлтэй болон Тахир Дутуу Хүүхэдтэй Эцэг Эхэд Хэлж Болохгүй Зүйлс

Estaban

Танай хүүхэд чинь яагаад ингээд байгаа юм бэ?
Та энийг нь болиулаач.
Яаж ийм байхийг нb тэвчиж чадаж байнаа.
Та ямар хатуужилтай юм бэ, би л лав чадахгүй ээ.
Би танийг сайн ойлгож байна.
Өө, манай хүүхдүүд тэнэг, балай, мангар, эргүү гээд л дандаа л хэлж байдаг. Юундаа эмзэглээд байгаа юм бэ.
Бид нар гэрээрээ ийшээ юуманд явах гэж байгаа. Танай хүүхэд ч явж чадахгуй байхаа даа.
Миний зовж байгааг та яаж мэдэх вэ дээ.
Амьдралаа ийм ч болгох гэж дээ.
Уучлаарай танай хүүхдийг авч явмааргуй байна. Очоод хэцүү.
Өө, танай хүүхдийг өдөрлөг баяр энэ тэрт дуртай гэж бодоогүй ш дээ.
Хөөрхий амьтан, яана даа.
Ёох та ёстой ядарсан харагдаж байна шүү.
Би таньд ямар хэцүү байгааг сайн ойлгож байна.
Танай хүүхэд чинь тусгай сургуульд явдаг уу?
Хүүхдүүд дээрэлхэж байна гэж юу яриад байгаа юм бэ. Манай энэ сургуульд тийм юм байхгүй.
Уучлаарай, танай хүүхэд даанч шаардагдсан шаардлагуудыг хангахгүй байна.
Яамар гайтай юум бэ ингэчдэг.
Танай хүүхэд тусгай авяастай юм уу?
Тахир дутуу юм бол тэрэг нь тэгээд хаана байнаа?
За, бүх хүүхэд л тэгдэг ш дээ, юундаа сүр болоод байгаа юм бэ.
Ёстой нэг тас алгадаад хаячихмаар нөхөр байна, сахилгагүй.
Яагаад ийм болчихсон юум бэ?
Тарианаас, вакцинаас болчихсон юм уу?
Та хүүхдээ яагаад ийм төрүүлчдэг юм бэ?
Манайх яасан азтай юм бэ. Ийм хүүхэдтэй бол яанаа.