Tuesday 14 August 2012

Бодрол


Харц дальдранхан байж ээж, аавдаа үнсүүлсээн
Хайртай шүү гэдгээ хоёул мэдрэн дүүгээ тэвэрсээн
Нялххаан зээгээ унтаж байхад нь духыг нь үнэрлэсээн
Нялхраад уярсан сэтгэлийг аргамжиж би чөдөрлөсөөн

Урсаад гардаг нулимсыг ширгэтэл өөрийгөө би барьдаг
Ууган эгч нь дүүгээ зүдрээхгүй гэж нуруугаа эгцэлдэг
Уул нь бүдгэрээд, үүл нь өтгөрөөд л нутаг минь холддог
Ус буцлавч тогоондоо ширгэдэг жамыг би ухаардаг

Харийн нутагт одлоо гэж би гунихарсангүй
Хайртай ээжийгээ амсхийлгэж амжаагүйдээ би харуусна
Ханатлаа аавтайгаа байх хором ч богино байсан мэт
Халтлаа дүүтэйгээ ярих ч агшин цөөн тохиосон мэт

Тийм ээ би тэднийгээ санадаг
Тэнгэрийн оддын тоо ч хүрч илэрхийлэхгүйгээр санадаг
Тэнгис далайн ус ч багадахаар дотроо би мэлмэрдэг
Дэргэдээс минь харвал хад чулуу шиг хүйтэн
Дэндүү их нуусан нулимс минь хөлдөөж орхисон биш байгаа

No comments:

Post a Comment

Таньд таалагдсан бол коммэнт үлдээгээрэй! Баярлалаа. :)