Thursday 31 January 2013

Дотны хүнээ алдсан хүнтэй хэрхэн харьцах вэ?

Two little girls in a park near Union Station, Washington, D.C.  (LOC)
Library of Congress, Prints and Photographs Division, Washington, D.C.

Манайхан нас барсан хүнийг ярьдаггүй, нэрийг нь дурсвал ясыг нь хөндөнө, өндөлзүүлнэ гэж цээрлэдэг билээ. Гэсэн хэдий ч өөрийн эрхгүй үгүйлэн санаж, хэнтэй ч юм уйтгар гунигаа хуваалцаж, буруу зүйл хийж байна гэж өөрийгөө буруушаан үзэлгүйгээр сэтгэл санаа, дотроо онгойлгон ярихад юу нь буруу байх билээ. Заримдаа хүмүүс багтрах шахан цухалдаж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болдог. Энэ үед багахан ч гэсэн тус дэм болох хүмүүс бол найз нөхөд, гэр бүлийн хүмүүс байдаг. Гэтэл тэд маань, бас бид өөрсдөө ч ийм үед яахаа сайн мэддэгүй нь элбэг. Тиймээс энд хэнд ч илүүдэхгүй болов уу гэсэн хэдэн зүйлсийг хуваалцья.

1. Хүлээцтэй хандаарай.

Ямарваа хагацал сэтгэл санаанд цочирдол өгдөг. Энэ байдал нь хэдхэн өдрийн дотор эдгэчихнэ гэж байхгүй, хэдэн сар ч болж магадгүй. Бас хэд хэдэн дотны хүн, эсвэл ажлаа нэг дор алдсан хүмүүс арай удаан хэвийн байдалдаа орох магадлалтай.

Хүн эхлээд яг хагацал үзэх үедээ сэтгэл хөдлөл нь гацсан мэт ямар ч мэдрэмжгүй байдалд ороод дараа нь гэнэтийн уйтгар, цочрол, уур, ганцаардлаар эзэмдүүлдэг нь туулахын аргагүй мэт тэдэнд санагдаж хэцүү байдалд ордог.

Яг тэр үед ихэнхдээ төрөл садан, ах дүүс, найз нөхөд гэх мэт хүмүүс нь дэргэд нь байж дэм болдог. Гэхдээ хамгийн чухал зүйлийг олон хүн мэдэхгүй байдаг. Тэр нь хэдэн сарын дараа ч юм уу, жинхэнэ хагацлын хэцүү үе нь байдаг гэдгийг ойлгох нь ховор. Энэ байдал нь бүр жил болон тэрнээс олон жил үргэлжлэх ч тохиолдол байдаг. Энэ л үед нь бид тэдэнтэйгээ хүлээцтэй хандаж, хайрлаж, хамт байгаа гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй байдаг.

2. Хэчнээн хэцүү байлаа ч харьцаагаа бүү зогсоо.

Ийм хэцүү үед нь тэднээс холдож зайгаа аваагүйд нь тэд маш их баярлах болно. Харамсалтай нь их олон хүн яaх ч учраа олохгүй тэр л хүмүүстэй харьцахаасаа айж, санаа зовж холбоогүй болдог. Хэдэн сар, эсвэл жил болж байгаа юм чинь одоо зүгээр болсон байх гэсэн бас буруу ойлголтууд ч байдаг. Ийм сэтгэлийн шарх хэзээ ч бүрэн эдгэрдэггүй. Ийм хэцүү үе нь тэднийг хамтдаа хоолонд орох, гэртээ урьж цай уулган хамт цаг өнгөрөөх, эсвэл зүгээр л гадуур салхинд алхах гээд л ердийн зүйлс хамт хийхийг санал болговол сайхан байдаг. Хагацал ганцаардлыг авчрах нь элбэг, тиймээс хэрвээ ханиа алдсан нэгэн байвал эхнэр, нөхөр нь амьд байх үед нь хийдэг байсан зүйлсээ түүнтэй адилхан үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.

3. Хэзээ ч бүү харьцуул.

Олон олон хүмүүс хагацал үзсэн нэгэндээ дараах зүйлсийг хэлдэг нь буруу юм.

За, дахиад л хүүхэд гаргачихгүй юу, залуу юм чинь.

Өөр хүнтэй найзлаад үзээч.

Одоо тэр чинь бурханы оронд бий.

Хамт байсан хугацаандаа л залбирч, баярлаж яв даа. 

Яг тэр мөчид бол өөр хүүхэд хэрэггүй, тэр нас барсан хүүхдээ л тэвэрмээр байгаа эхэд муухай санагдана. Тэр л явсан, салсан, нас барсан хүний араас гашуудаж буй болохоос биш тийм амархан зүйл, зайг нь сольж буй хэмхэрсэн тоглоом биш шүү дээ.

4. Талийгаачийн тухай хэзээ ярих вэ?

Ихэнх хагацал үзсэн хүмүүс талийгаачийн тухай сайхан дурсамж ярих, яриулах дуртай. Гэхдээ тэр нь мэдээж цаг хугацаа болон сэтгэлийн тэнхээ, хэр зэрэг ойр дотно хүн байсан гэдгээc хамаарна. Тиймээс та өөрийн зөн совингоо даган бие биендээ сэтгэлийн дэм, дэмжлэг, хайр үзүүлээрэй. Бид чинь хайраар л ундаалдаг амьтад билээ.

Хэрэв таньд энэ бичлэг таалагдсан бол доорх товчнууд дээр дарж хуваалцна уу? Баярлалаа.

No comments:

Post a Comment

Таньд таалагдсан бол коммэнт үлдээгээрэй! Баярлалаа. :)